Wednesday, January 25, 2017

Тосон нуурыг тойрч бэдэрсэн тэмдэглэл-2

2013 оны 12 сарын 26
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Сүрэнгийн ЗЭВСЭГ
ОРШЛЫН ОРОНД УЧИРЛАХ НЬ

Миний бие Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Аварга тосон” амралт сувиллын газрын талаар “Аврал эрэн мэлтрэх Аварга тосон нуур” тэмдэглэлийг (“Зууны мэдээ” сонин.2013.08.19.¹196) өнгөрсөн наймдугаар сард бичсэнээс хойш дөрвөн сарыг ардаа орхив. Тэрхүү нийтлэлийг уншсан цөөнгүй хүн утсаар ярьж, зарим сонин хэвлэл, вэб сайтуудад санал сэтгэгдлээ бичсэн. Энэ нь би сайн нийтлэл бичсэндээ бус олны анхаарлыг татахуйц нэг эмзэг асуудлыг олж хөнджээ хэмээн урамшсан.  Бас “Аварга тосон” рашаан сувиллын менежер Мөнхсолонго “Та, манай байгууллагыг зориуд муучилж бичлээ” хэмээн зэмлэж “Зууны мэдээ” сонины удирдлага уруу ярьж “Танай сониныг шүүхэд өгнө” хэмээн айлгасанд би эмзэглэж гомдоогүй. Харин ч нийтлэлийг минь олж харж бага боловч цочоо авч сэтгэгдлээ хэлсэн “Аварга тосон” рашаан сувиллын удирдлагуудад талархал илэрхийлмээр санагдсан. Тус сувиллын ажил жаахан ч гэсэн дээрдэж, аар саар дутагдал доголдлоо засч янзлаад 2014 онд амрагч сувилуулагчдаа арай өөр байдлаар хүлээж авна гэдэгт итгэж сууна. Шүүмжлэл гэдэг амтат бялуу биш боловч ажилд тус болдог. Харин тэрхүү нийтлэлийг бичих болсон учир нь нэгдүгээрт “Хэрлэний хөдөө арал”-ын онгон дагшин байдал, түүх соёлын ховор нандин дурсгалт газруудыг хайрлан хамгаалах, хойч үедээ бага ч болов юм үлдээх, “Аварга тосон” нуурын рашаанд орж, эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа хүмүүсийн ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын нөхцлийг өөрчлөх, улмаар бусад рашаан усны хувь заяаг бүхэлд нь төр, засгаас эргэн харж бодоосой. Хоёрдугаарт “Аварга тосон” рашаан сувиллыг анх үзээд, нүд дасаагүй хүний харцаар тусган авч  жаахан өөнтөг хандсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь арай ч тэгтлээ дор орж доройтсон газар гэж бодоогүй явсных биз. Бодит байдлыг үзэж хамгийн гол нь хүмүүсийн яриа санал бодол, сэтгүүлчийн ажиглалт сэтгэгдлээр яг байгаа чигээр нь бичиж, амрагч сувилуулагчид, уншигчдад хүргэхийг хичээсэн. Гуравдугаарт Төр, засгийн ажил хариуцсан байгууллагуудад албан ёсны тоо бүртгэл байдаггүй ч хэвлэлд мэдээлж буй баримжаа тоогоор Монгол Улсад 400 гаруй рашаан ус, эмчилгээний ач тустай шаврын орд бүхий 30 орчим нуур байдаг бололтой. Монголчууд бидэнд заяасан энэ их баялаг, олонд нэр алдартай хэдэн сайхан рашаан сувилал, амралтын газар маань хувьчилагдаж хойд эхийн царай хараад чухам юу болов. Дахин бий болохгүй, давтагдашгүй, тэгээд хэмжээ нь хязгаартай баялаг-рашаан ус, эмчилгээний шавар түүний ойр орчны байгалийн төрх, экологийн нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн. Улмаар устаж мөхөхөд хүрээд байгааг “Аварга тосон”-гоор жишээлэн бичиж, ганц “Аварга тосон” ч биш “Хужирт”, “Шаргалжуут”, “Оргил”, “Хадат”, “Отгонтэнгэр” зэрэг рашааны хувь заяа. Энэ бүхнийг анхаардаг хариуцдаг, шалгадаг, ажилд нь тусалж дэмждэг байгууллага хүмүүс байна уу, үгүй юу гэдэг санаа дохиог төр, засгийнханд сонордуулах. Дөрөвдүгээрт энэ бүхний дотроос эртний монголчуудын өлгий нутаг, Монгол Улсын түүхийн асар их баримт, соёлын дурсгалын байгалийн музей болсон Хэрлэний хөдөө аралын орчин түүний дотроос “Аварга тосон” рашааныг Төрийн тусгай хамгаалалтад авах асуудлыг дэвшүүлж, дорвитойхон ажил өрнүүлээсэй хэмээн уриалахыг оролдсон. Тавдугаарт манай нэг ч гэсэн байгууллага түүний дотроос “Аварга тосон” гэдэг амралт сувиллын газар хол ойрын болоод дотоод гадаадын янз бүрийн хүмүүсийн нүдэнд сайхан харагдаасай. Сувиллын захиргаа олны бодол сэтгэгдлийг сонсож дүгнэлт хийж ажиллаасай. Тэр сайхан байгууллагадаа эзний ёсоор хандаж, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, зохион байгуулалттай болж, ажил нь сайжраасай. Хамгийн гол нь өвчин эмгэгтэй тэр олон хүний ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаасай. Наад зах нь нууранд орж байгаа хүмүүс бие засах зөөврийн аятайхан газартай, хаягдал хогоо хийх савтай, нуурынхаа эргэн тойрны хамгаалалт хашаандаа золбин нохой, мал орохгүй болгож, амрагч сувилагчдын аюулгүй байдлыг ханган зөвлөж, буруутай явдалд нь шаардлага тавьдаг эргүүл харуултай болоосой. Бүр ядахдаа байгууллагынхаа нэрийн хуудас болсон “Ауруг” зочид буудлын нэр хаягийн унасан хэдэн үсгийг нөхөөд хийчих өөриймсөг сэтгэлтэй байгаасай. Зургадугаарт цаашид нуурыг яаж хамгаалах, байгалийн нөөцийг нь хэрхэн хадгалах, хүмүүст ямар байдлаар үйлчлэх. Амрагч сувилуулагчид рашаан усанд урьдын уламжлалт арга маягаараа бөөн бөөнөөрөө холилдон орсоор байх уу. Өмнө, хойно нь цэвэр ус шүршүүрт ордог, эсвэл өвчнийхөө төрөл байдлаас хамааран цөөн цөөнөөрөө тусгай ваннанд ордог болох уу гэдгийг тал талаас нь бодоосой. Долдугаарт рашаан сувиллуудад төрийн байгууллагаас олгодог “Магадлан итгэмжлэл” гэдэг баримт бичгийн ач холбогдол, нөлөөг дээшлүүлээсэй. Түүнийг өгсөн газар нь тэр бичгийнхээ хойноос анхаарч авсан байгууллага нь үйл ажиллагааг хянадаг, мэргэжлийн болоод зохион байгуулалтын тус дэм үзүүлдэг, сайшааж урамшуулдаг, болохгүй бол зэмлэж цожоодог бүр буцааж авдаг тогтолцоотой болох, авсан хүмүүс ч эзэн нь байхын төлөө мэрийж чармайдаг байлгаасай гэдгийг Улсын Их Хурал, ялангуяа Шинэчлэлийн Засгийн газрын салбар эрхэлсэн сайд Н.Удвал, С.Оюун, Ц.Оюунгэрэл нарын сонор анхааралд хүргэхийг зорьсон. Рашаан ус, эмчилгээний шавар зэрэг байгалаас заяасан нэн ховор баялгийг анхаардаг, бүртгэдэг, хянаж эзэмшдэг, хамгаалдаг төр, засгийн ямар нэг байгууллага, эзэн байгаа эсэхэд хариу хайж хэдэн сарын турш, яам тамгын олон газраар хэсэн бэдэрч цөөнгүй сайд дарга, түшмэдүүдийн үүдийг сахисан болно.
 
АВАРГА ТОСОН” БА ТҮШМЭДҮҮД

“Аврал эрэн мэлтрэх Аварга тосон нуур” нийтлэлийнхээ дараа хөндсөн сэдэв, дэвшүүлсэн асуудалтайгаа холбогдуулан цөөнгүй хүнтэй уулзахад олзуурхууштай нь цөмөөрөө дэмжиж байх шиг санагдсан. Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Б.Баярболд “Улсын хэмжээний рашаан сувиллуудыг МХЕГ-аас 2011 онд шалгасан. Маш их зөрчил илэрсэн. Ганц Аварга тосон ч биш. Шаргалжуут, Хужиртад олон  асуудал бий. Жишээ нь Хужирт бол хамгийн муу ажиллагаатай газруудын нэг. Цэвэрлах байгууламж нь ажилладаггүй, бохироо цэвэрлэлгүй шууд хаядаг. Оргил гэхэд шавраа Төв аймгийн нэг нуураас хэдэн тонноор нь авдаг. Ямар нэг хяналт тооцоо, зохион байгуулалт байхгүй. Шавар бол нөөц нь нөхөн төлждөггүй баялаг. Орон нутгийн удирдлагуудтай ярьж тохироод л авдаг байх. Бид рашаан сувиллуудыг шалгасан дүнгээ Ерөнхий газрын даргын зөвлөлөөр хэлэлцээд Монгол Улсын Шадар сайдад танилцуулдаг. Түүнчлэн Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар шалгалт хийгээд дүгнэлтээ холбогдох яамдад өгдөг. Гэвч тэд түүний дагуу ямар нэг ажил хийдэггүй. Хариу ч ирүүлдэггүй. Манай газрын хяналтын бодлого бол бүгдийг хавтгайд нь бус эрсдэл ихтэй газрыг сонгох хэлбэрээр эрсдэлд суурилсан зорилготой явдаг. 2014 онд хийх шалгалт хамрагдах газруудын хуваарь энэ  (2013 оны) арван хоёрдугаар сард гарна. Хяналт шалгалтыг урьдчилж гаргасан төлөвлөгөө графикийн дагуу холбогдох байгууллага, хүмүүст мэдэгдсэнээр явуулах хуультай. Гэнэтийн шалгалт хийж болохгүй. Төрийн хяналтын тухай хуулинд Гэнэтийн шалгалт хийхийг хоирглосон. Газар олголт, барилга барихад урьдчилан хянаж шалган дүгнэлт гаргадаг байсныг Ариун цэврийн тухай хуулиар хориглосон” гэж ярьсан бол Соёл, Спорт Аялал Жуулчлалын Яамны ахлах мэргэжилтэн М.Хосхарцага “Манайд аялал жуулчлал болон байгаль орчныг хамгаалах талаар төр, засгийн бодлого зохицуулалт алдагдсан. Манай яаманд ямар ч эрх мэдэл байдаггүй. Үүнийг зохицуулж нэг голдиролд оруулах гэж манай яамыг байгуулсан байх. Бид ч боломжийнхоо хэрээр хөөцөлдөж зүтгэж явна. Манайх Отгонтэнгэр, Хөвсгөл, Хөдөө арал зэрэг газарт Орчны төлөвлөлт гэдэг юмыг хийх гэж байна. Орон нутаг мэдээд газрын лицензийг хэнд ч хамаагүй өгдөг. Үүнийг ямар ч яам цуцлах өөрчлөх эрхгүй. Үндсэн хуулинд тэгж заасан байдаг юм гэсэн. Орон нутгийн Иргэдийн Хурал, Засаг дарга мэддэг” гээд АНУ-д олон жил болсон хүн. Гадаадад ямар байдгийг мэднэ. Монголын нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байгаа зэргээ тайлбарласан бол Эрүүл мэндийн яамны Магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн (2013 оны наймдугаар сар) У.Цэгмэд “Магдлан итгэмжлэлийн зөвлөл нь Төрийн нарийн бичгийн даргаар толгойлуулсан есөн хүнтэй. Энэ зөвлөл шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцээд зөвшөөрвөл сайдад танилцуулдаг. Эцсийн эцэст магдлан итгэмжлэлийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгодог. Сувиллуудын талаар маш их яриа бий. Тэрний нэг нь “Аварга тосон”-гийн асуудал мөн. Бид сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинээр боловсруулахаар ажиллаж байна. Сувилал нэртэй олон эмнэлгүүдийг хумих бодлого баримтална. Сувиллуудын үйл ажиллагааг манай яам шалгадаггүй. Мэргэжлийн хяналтын газар шалгадаг. Аварга тосонд 2011 оны долоон сарын 1-нд магадлан итгэмжлэл олгосон. Хугацаа нь 2014 оны есдүгээр сард дуусна. Яам шалгах гэхээр аягүй их мөнгө шаардлагатай болдог. Нэг аймагт ажиллахад 5-6 сая төгрөг гээд боддоо. Төсөвт тийм мөнгө байхгүй” гэв Цэгмэдээс Алгын чинээ нууранд өдий төдий хүн орж байгаа нь хүмүүсийн эрүүл мэнд, ариун цэврйн хувьд болж байна уу. “Аварга тосон”-гийн нөхцөл байдлыг яг шалгаж батлаж тогтоосон зүйл бий юу?” гэж асуухад тэрбээр “Мэргэжлийн хяналтын газар л шалгаж тогтоодог байх. Надад бол шалгасан баталсан гэх баримт алга. Шинэ стандарттай болохоороо баримттай болно биз. Энэ нуурын ус тийм өвчтэй хүн, ийм хэмжээгээр хэрэглэхэд ингэж эдгээнэ гэсэн ямар нэг баталгаа байхгүй. Ер нь бол чанар нөөцийг нь тогтоосон рашаанд л хүн орох ёстой. Үүнийг шинэ стандартдаа тусгана. “Аварга тосон” нуурыг хариуцдаг нэг байгууллага байх хэрэгтэй гэж боддог. Тэр бол манайд хамаагүй. Түүнийг орон нутаг л мэднэ байх. Бие засах газар, хогийн савыг би мэдэхгүй. Манай яаманд хамаагүй. Манай яам рашаан сувиллуудыг шалгавал магадлан итгэмжлэлийнхээ мөрөөр шалгах эрхтэй, түүнээс биш үйл ажиллагаа, үйлчилгээг шалгах эрх байхгүй. Үйл ажиллагааг нь МХЕГ шалгах үүрэгтэй. Харин манай яамнаас “Аварга тосон” рашаан сувиллыг магадлан итгэмжлэл өгснөөс хойш шалгаагүйг би батална. Ер нь манай рашаан сувиллуудын газрын ангилал, тусгай зөвшөөрөл гээд баахан бантан болсон юм бий. Бид ч өөрсдөө учрыг нь олдоггүй. Нэг Засгийн газар солигдоод өөр нэг сайд ирээд шал өөр юм яриад эхэлдэг маргаашдаа итгэж тодорхой бодлоготой ажиллах арга алга. Хэдэн том рашаан сувиллын газраа хувьчилсан нь алдсан уу гэхээс оноогүй гэж би боддог. Хэн нэгний мөнгө олох хэрэгсэл болгосон. Хувьчилснаар яамны зүгээс хяналт тавих, тусалж дэмжих ямар ч боломжгүй болсон. “Шалгана, хянана” гэвэл бараг хүний хувийн өмчид халдсан асуудал болох байх. Рашаан сувилал, амралт сувилал хоёр бол тэс өөр зүйл. Өнөөдөр аль нь рашаан сувилал, аль нь эмнэлэг үйлчилгээний газар, аль нь сувилал нэртэй амралт зугаалгын газар болоод байгаа нь ялгагдахаа больсон. Ёстой бүү мэд дээ” гэж ярьсан. Жаахан хэг ёг ч гэсэн үнэн байдлыг илэн далангүй ярьсан нь олзуурхууштай.
Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны сайдын Ахлах зөвлөх М.Төрбаяр “Бидний санаа зовж байгаа ажлын талаар хөндсөн, чухал асуудал дэвшүүлжээ. Би “Аварга тосон”-гийн хувьд санаа их зовж байна. Оюун сайд нийтлэлийг уншиж үзээд “Энэ асуудлыг анхаар, шаардлагатай бол баг бүрдүүлэн томилж ажиллуул” гэж үүрэг өгсөн. Би Архангайн Өгий нуурыг үзээд ирлээ. Тэнд мөн л нуурын ус бохирдсон ноцтой зөрчил гарчээ. Гэхдээ арай Аварга тосон шиг болоогүй байна. Тэгээд бид энэ хоёр асуудлыг цогцоор нь авч үзэж тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр давын өмнө Орхон голын Өгий нуурт цутгадаг урсацад тохируулга хийх шаардлагатай. Орхон голын сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулсан. Төсөв хүнд байна. Бид боломжийнхоо хэрээр ажиллаж байгаа. Түүний нэгэн адил Аварга тосон нуурын менежментийн төлөвлөгөөг бас  боловсруулах шаардлагатай. Чухам юунаас болж ус нь багасч байна, яагаад бохирдож байна гэдгийг тогтоох учиртай.
Манай яам, бидний хувьд оролдож хийж эхэлж байгаа ажил багагүй бий. Ялангуяа усны талаар гэхэд улсын хэмжээнд Орхоны сав газар, Хэрлэнгийн гэх мэт 29 сав газрыг бий болгож баталлаа. Мөн дархан цаазтай газар аялал жуулчлалын зориулалтаар зөвшөөрөл олгох явдлыг түр зогсоосон. Энэ бол Оюун сайд ажлаа аваад гаргасан анхны шийдвэр. Учир нь дархан цаазтай газруудад аялал жуулчлал явуулах багтаамж даацгүй болсон. Ер нь газар нутгийг, даац нөөцийнх нь хэмжээнд тааруулж ашиглах ёстой. Таны “Тосон нуур ачааллаа даахгүй тарчилж байна” гэсэн шиг явдал Богд ууланд давтагдаад байна. Өнөөдөр Богд уул ачааллаа даахгүй тарчилж байна. Хэдэн нөхөд УИХ-ын гишүүн болохын тулд Яармагийн дэнжийг Богд уул шиг болгоно гэж амлаж байгаад гишүүн болчихсон. Яармагийн дэнж, Буянт-Ухаа өнөөдөр ямар болоод байгааг та харж байгаа биз дээ. Богд уул бол тусгай хамгаалалттай газар. Өнөөгийн байдлаар 380 гаруй иргэн, аж ахуй нэгжүүд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар газрын зөвшөөрөл авсан боловч өнөөдөр өдий төдий барилгыг хууль бусаар барьсан. Орон сууцны бүхэл бүтэн хороолол, бараг хот суурин болчихоод байна. Зарим нь түүнийгээ дамалж худалддаг арилжаа наймааны хэрэгсэл болгосон. Бид цаашид нөөц даацгүй газар зөвшөөрөл өгөхгүй. Энэ бол манай яамны гол бодлого. Бид улсын тусгай хамгаалалттай газар, нутгийнхаа хэмжээг 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ бол том зорилт. Одоо 17 хувь орчим болоод байна. Ер нь Тусгай хамгаалалттай газрыг нэгд Дархан цаазтай газар, хоёрт Байгалийн цогцолборт газар, гуравт Байгалийн нөөц газар, Дөрөвт Түүх, соёлын дурсгалт газар гэж ангилдаг. Тухайн газар нутгийг тусгай хамгаалалттай юм уу, дархан цаазтай болгоход нутгийн иргэд, олон түмний санал санаачилга маш чухал. Аль нэг газрыг тусгай хамгаалалттай болгох эсэхийг УИХ шийдвэрлэдэг хуультай. Гэхдээ порзтур нь их нарийн нэгдүгээрт эхлээд орон нутаг өөрөө санаачилж, түүнийг нь ИТХ дэмжсэн тогтоол гаргаж Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яаманд ирүүлнэ. Хоёрдугаарт Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам судлаж үзээд шаардлагатай, боломжтой гэж үзвэл Засгийн газарт саналаа оруулна. Гуравдугаарт Засгийн газар зөвшөөрвөл Улсын Их Хуралд оруулна. Дөрөвдүгээрт Улсын Их Хурал зөвшөөрвөл хууль гаргадаг” гэж ярьсан юм.
Энд нэг зүйлийг онцлон дурдахад Шинэчлэлийн Засгийн газрын яамдуудаас арай жаахан шинэ хандлагаар ажиллаж жаахан юм хийх гэж оролдож байгаа яам бол Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам юм шиг санагдсан. Гэвч тэдний газар хэлтэс, зарим ажилтнууд ажлаа тэр бүр сайн мэддэггүй, гарын дор шинэ сэргэг судалгаа тооцоо, баримт байхгүй байсныг хэлэхэд илүүдэхгүй байх. Жишээ нь сүүлийн хориод жилд “Алт хөтөлбөр”-ийн балагаар ч гэдэг юм уу зөвхөн хүний буруу үйл ажиллагаа чухамдаа уул уурхай, газар тариалан, эмх замбараагүй хашаа байшин баригдаж, амралт сувиллын газар бий болсноос шалтгаалж шургасан, ширгэсэн нуур цөөрөм, гол горхи, устаж үгүй болсон энгийн уурхайн болон гүн өрмийн худгийг тоолж тооцож дүгнэсэн баримтыг 2012 оны эцсийн тоогоор, болж өгвөл 2013 оны эхний долоо найман сарын байдлаар авч үзэх гэж сайд дарга, мэргэжилтэн гээд холбогдох бараг бүх хүнээс гуйж хоёр сар яваад санасан тоогоо олж авч чадаагүй. Хэн ч ялгаагүй хоёр гурван жилийн өмнөх тоогоо  бариад л сууж байх юм билээ.

“АВАРГА ТОСОН” ХИЙГЭЭД САЙД НАР

Би нийтлэлдээ “Аварга тосон”-гийн рашаан сувилал, Аваргын усан рашаан, Ауруг хотын туурь, Хэрлэн тооно уул, Долоон болдог, Хэрлэн Баян-Улаан уул, энэ нутгуудад багтдаг түүх, соёлын дурсгалт газруудыг хамруулан рашаан сувилал, аялал жуулчлалын “Хэрлэний хөдөө арал” цогцолборыг байгуулах төсөл боловсруулан хэрэгжүүлэх, энэ далбаан дор Хэрлэний хөдөө аралыг хамгаалах асуудлыг гурван яамны сайд нарт хандаж тавьсан. Эхлээд Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзахад “Бичсэн нийтлэлийг уншсан. Тэндээс Аварга тосон рашаан сувилал гэж ямархуу газар, байгууллага болоод байгааг сайн ойлгож авлаа. Ёстой нүдэнд харагдаж байна. Би ойрын үед Бурхан халдун орно тэгэхдээ Аварга тосонд очиж байдлыг үзнэ. Сүүлийн хориод жилд төр, засаг рашаан сувиллын бодлогыг гараасаа алдаж, ерөөсөө хаясан. Яг юу байдгийг мэддэг анзаардаг сайд дарга байхгүй. Хэн дуртай хүн хаана тааралдсан газраа сувилал байгуулдаг нэг тийм гаж тогтолцоо бий болсон. Тэр нь нөхөн сэргээх эмнэлэг сувиллын газар юм уу, эсвэл амралт зугаа цэнгэл архидалтын газарын аль нь ч мэдэгдэхгүй байгаа. Тэгээд дээр нь хэн дуртай хүн сувилал байгуулдаг. Энэ нь Улсын нийгмийн даатгалаас мөнгө авдаг тогтолцоо бий болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл сувилал нь бизнесийн хэрэгсэл болсон гэсэн үг. Монгол Улс эмнэлгийнхээ орноос олон сувилалтай. Үүнийг төр засгийн холбогдох байгууллагууд бүр хяналтаасаа алдсан. Хаана хэдэн ортой ямар сувиллын газар байгааг бид мэдэхээ больсон. Ялангуяа нийслэлд энэ асуудал онцгой анхаарал татдаг. Эрүүл мэндийн яам зөвхөн Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудад зөвшөөрөл олгодог. Бусад зөвшөөрлийг орон нутгийн төр захиргаа, эрүүл мэндийн байгууллагууд өгдөг журам өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Бид рашаан сувиллыг жич анхаарах шаардлага гарч ирлээ. Энэ бол хэдэн рашаан сувиллыг хувьчилж авсан байгууллага, хүмүүс хүний эрүүл мэндийг биш бизнес талыг хэт бодож байгаатай шууд холбоотой. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш “Оргил” рашаан сувиллыг “Рашаан сувиллын үндэсний төв” болгож рашаан сувиллын газруудыг мэргэжлийн арга зүйгээр хангадаг байх асуудлыг Засгийн газарт оруулаад байна. Манай яамны, миний бодлого бол сувилал гэхээсээ илүү рашаан сувилал талыг нь түлхүү анхаарч ажиллана. Рашаан ус, эмчилгээний шаврын ашиглалтыг боловсронгуй болгох тухайд Нөхөн сэргээх эмчилгээний талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж байна. Энд рашаан сувилал, эмийн бус эмчилгээ, уламжлалт эмчилгээ бүгд багтана. Эдгээрийг цогцоор нь авч үзэж шийдвэрлэх цаг болсон” гэсэн юм.
Харин С.Оюун, Ц.Оюунгэрэл сайд нартай уулзаж ярилцах гэж нэлээн юм боллоо. Гол нь сайд нар сэтгүүлчийг хүлээж авч ярилцлага өгөхөөс төвөгшөөж, цааргалсан бус ажил албаных нь цаг зав олдохгүй байсантай холбоотой юм. Бас үүдээр нь суудаг нарийн бичиг, туслахууд, ажил хариуцсан түшмэдүүдээс   шалтгаалсан зүйл цөөнгүй байсныг дурдууштай. Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй (2013.09.09-ний 17 цаг 25 минутад) анх удаа утсаар холбогдон ярьж Хэрлэний хөдөө аралыг эмчилгээ сувилгаа, түүх соёлын дурсгал, аялал жуулчлалын цогцолбор, тусгай хамгаалалттай газар болгох талаар бичсэн нийтлэлийнхээ талаар түүнээс тодруулж “Зууны мэдээ” сонинд миний нэг нийтлэл гарсан. Мөн зарим сайтуудад тавигдсан. Танай ахлах мэргэжилтэн Хосхарцага, таны туслах Содгэрэл, хэвлэл мэдээллийн ажилтан Эрдэнэчулуун нар тэр нийтлэлийг танд танилцуулж, намайг есдүгээр сарын 3-нд тантай уулзуулж өгнө гээд алга боллоо. Утсаар холбогдож болдоггүй, авахгүй юм. Тэр нийтлэлийг уншиж амжсан уу. Та ямар сэтгэгдэлтэй байна гэхэд Оюунгэрэл сайд миний нэрийг “Та хэн гэнээ” гэж лавлаад “Манай нөхдүүд таны нийтлэлийн талаар надад ямар нэг зүйл ярьж танилцуулаагүй. “Аварга тосон”-гийн тухай нийтлэлүүдийг уншиж амжаагүй байна” гээд ер нь Хэрлэний хөдөө арал, Аваргын усан рашаан, Ауруг хотын балгас, Японы барьж өгсөн жижиг музей, “Монголын нууц товчоо”-г бичиж дууссан Долоон болдог зэрэг газруудыг очиж үзээгүй. Сайн мэдэхгүй гэдгээ ний нуугүй хэлээд “Би өнөө маргаашгүй Хэнтийн Дадал сум явах гэж байна. Тэр замдаа Аварга тосонгоор орж тэр орчныг үзье. Тэгээд хоёулаа уулзаж ярилцъя” гээд утсаа таслалгүй цаашаа хэн нэг хүнд хандан “Миний Дадал явах маршрутад Хэнтийн Дэлгэрхаан Аварга тосонг оруулаарай” гэж хэлээд надаас Аварга тосон хэр хол байдаг, хаагуур явах зам зэргийг лавлаад “Таны тэр хавийг Тусгай хамгаалалтад авах, Дархан цаазтай болгох бодолтой би санал нийлэхгүй байна. Учир нь хэрвээ тусгай хамгаалалттай болчих юм бол тухайн газар аялал жуулчлал зохион байгуулахад төвөгтэй болдог. Янз бүрийн зөвшөөрөл, байгаль орчны хамгаалалт гээд маш олон асуудал гарна. Тийм учраас сайн судлаж, бодож үзэх асуудал шүү” гэхчилэн яриад миний ярилцлага авах хүсэлтийг уриалгахан хүлээж авсан юм. Харин би Оюунгэрэл сайдтай ярьсаныхаа дараа тус яамны ахлах мэргэжилтэн Хосхарцагад уг нийтлэлийг сайддаа танилцуулж өгөхийг дахин хүсэхэд тэрбээр “Тэгнээ. Танилцуулна” гэхдээ тэр чинь хэвлэл мэдээллийн ажилтан Эрдэнэчулууны хийх ажил даа” гэдгийг битүүхэн сануулсан юм. Энэ нь манай яам, агентлагуудын газар хэлтсүүд, дарга даамал, мэргэжилтэн түшмэдүүдийн ажлын уялдаа холбоо оновчтой бус асуудлыг бие биерүүгээ түлхэж, бултаж зайлахыг эрмэлзэж байдгийн нэг жишээ ч юм билүү. Ийнхүү будилж мунгинасаар Ц.Оюунгэрэл сайдтай тийнхүү утсаар ярьснаас бараг хориод хоногийн дараа ярилцаж “Зууны мэдээ” сонинд (2013.10.04-нд) нийтлүүлсэн. Ц.Оюунгэрэл сайд “Аялал жуулчлалын салбарт яг тулгараад байгаа хамгийн хурц асуудал бол хог хаягдал, бохир ус. Манайд ер нь орчны тохижилт, төлөвлөлт гэдэг юм ерөөсөө байхгүй явж ирсэн. Одоо ч байхгүй байгаа. Тэр тусмаа байгалийн сайхан бүрдсэн, олон үеийн турш ард түмний сүсэг бишрэл, хүндэтгэлийг хүлээж ирсэн онгон дагшин газруудад ариун цэвэр, эрүүл ахуй, бохирын асуудлыг огтхонч анхаардаггүй байлаа. Аялал жуулчлалын салбар өнөөдөр олон хүмүүсийг бөөнөөр нь хүлээж авахад бэлэн биш байна. Бид нүүдлийн иргэншлийнхээ маягаар тархай бутархай амьдарч ирсэн шигээ, энэ чухал асуудлыг мөн л нэг хоёроороо тархай бутархай байдлаар шийдвэрлэхийг оролдож яваа учраас масстуризм гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож, харахгүй байна. Тэгсэн хэрнээ “Аялал жуулчлалаа хөгжүүл. Дотоодын жуулчлагчдыг тоог нэмэгдүүл” гэж тал талаас шахдаг. Гэтэл тэр олон хүнд зориулсан орчны дэд бүтэц алга. Энэ утгаар бол Аварга тосонгийн дүр төрх надад шууд харагдсан. Мөн Тэрхийн цагаан нуур яг Аварга тосон шиг болсоныг би саяхан үзлээ. Орчны хог, бохирдол гэдэг дээд цэгтээ хүрсэн, ёстой зах замбараагүй байдал тэнд байна. Сэтгэл маш их эмзэглэлээ. Үнэхээр аялал жуулчлалыг өргөжүүлье. Жуулчдын тоог нэмэгдүүлье гэж байгаа бол тэр олон хүнийг хүлээж авахад бэлэн болох хэрэгтэй. Зарим нь надад “Чи одоохон сая жуулчин олж ир” гэдэг. Гэтэл сая жуулчин бие засах газар хаана байна. Сая жуулчны хаясан хогийг цэвэрлэдэг, тээж зөөж хаядаг байгууллага юу билээ гэдэг маань өөрөө сая жуулчнаасаа илүү чухал бөгөөд том асуудал. Энэ л миний сэтгэлийг хамгийн их зовоодог. Манай яам энэ бүхнийг шийдвэрлэх арга замыг хайж, янз бүрийн судалгаа хийж байна. Миний ойлголт, дүгнэлтээр Хэнтий аймаг бол тэр чигээрээ түүх соёлын дурсгал, байгалийн цогцолбор, аялал жуулчлалын орон, өлгий нутаг юм билээ. Монгол Улсын түүхийн асар их баялаг баримт, эд өлгийн зүйл хадгалагддаг. Тэр бүхнийг бид нарийн судлах, таньж мэдэх, оновчтой сурталчлах, зөв хадгалж хамгаалах, хамгийн гол нь тэр сайхан нутгийг бохирдуулахгүйгаар аялал жуулчлалыг цэгцтэй, төлөвлөгөөтэй зохион байгуулах явдал юм. Хэрлэний Хөдөө аралыг тэр чигээр нь Тусгай хамгаалалтад авах тухай та ярьж, асууж байна. Энэ бол маш чухал санаа. Гэвч тусгай хамгаалалтад авах, төлөвлөлтийг зөв хийх хоёрыг оновчтой хослуулах учиртай. Миний бодлоор өнөөгийн байдлаас харж ажиглахад аль нэг нутгийг “Тусгай хамгаалалттай газар шүү” гэж хууль гаргаад зарлачихлаар тусгай хамгаалалттай сайхан болчихдог юм биш. Энэ бүхнийг яам газрууд танай, манай гэхгүйгээр тал талаасаа анхаарч, бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ ажиллаж байж шийдвэрлэнэ. Ер нь рашаан сувиллын газрыг, аялал жуулчлалын бааз гэж үздэггүй байсан. Бидний боловсруулж байгаа шинэ хуулийн төслөөр бол хүүхдийн зуслан, рашаан сувилал, аялал жуулчлалын бааз гээд бүгдийг нь адилхан аялал жуулчлалын байгууллагын үйлчилгээ гэж үзэхээр тусгагдсан. Яагаад гэвэл байр сууцны үйлчилгээг дагаж хог хаягдал, бохир усны асуудал гарч ирдэг. Тэр бүхэн чинь байгаль орчинд яг адилхан нөлөө үзүүлдэг. Учир нь рашаанд орж байгаа хүмүүс, зусланд амарч буй хүүхдүүд, амралт сувилалд амрагчид, гадаадын жуулчид тэд цөмөөрөө бие засдаг, хог хаядаг. Тэгвэл тэнд нойлын асуудал, хог хаягдлын асуудал яг адилхан яригдана. Аялал жуулчлалын байр сууцны үйлчилгээ гэдэг бол яам яаманд хуваарилагддаг, яам яам зэрэгцэж уралдаж лиценз өгөөд байх тийм уралдааны талбар биш. Энд энэ яам нь тэр яамнаасаа илүү оролцоотой, давуу эрхтэй гэсэн ойлголт байж болохгүй. Гагцхүү орчны ариун цэврийг яаж сахих, үзэгдэх орчныг хэрхэн хамгаалах, аль бизнест яаж хандвал ашигтай байх вэ гэдгийг орон нутаг мэдэх ёстой. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумынхан “Бид Хэрлэний Хөдөө аралд орчны аялал жуулчлалын бүсийн дүрэм хийе. Бид тэр хавийг нэг цэгцэлж авъя. Боловсруулсан дүрмээ зохих шатны хурлуудаараа хэлэлцэе. Энэ талаар танай яамтай хамтарч ажиллая” гэвэл бид туслахад бэлэн байна” гэж онцлон ярьсныг эрхэм уншигчид санаж байгаа байх. Ц.Оюунгэрэл сайд Монгол Улсад хог хаягдлын менежмент гэж нэг том асуудал байна. Түүнийг дагаад хог хаягдлыг ялгаж ангилах, тээвэрлэх, эмх цэгцтэй хаях, дахин боловсруулж ашиглах, огт хэрэггүйг нь устгах гээд мөн асар том бизнес байгааг онцлон ярьж, тэр бүхнийг ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдаж байв. Харин сайд С.Оюун (“Зууны мэдээ”. 2013.11.11.) “Манай Яам тухайн газар нутгийн талаарх судалгааг эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран хийдэг. Хэрлэний хөдөө аралын талаарх судалгааг хийж тусгай хамгаалалтанд авах талаар санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн судлаачдын баг ажиллуулж байна. Тухайлбал, Олон Улсын “Де Нэйче Консерванси” байгууллагаас Зүүн бүсэд хэрэгжүүлсэн “Монгол орны хээрийн бүсэд хөгжлийг байгаль орчинд нөлөө багатай төлөвлөх нь” судалгааны ажлын дүнд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудыг олж тогтоосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх нэг гол үндэс болж байна. Эдгээр сонгосон газруудын нэг бол Хэрлэний хөдөө арал түүнд хамаарах бүх газар нутгууд багтаж байгаа. Тэдгээрийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулж Хэнтий аймгийн Иргэдийн Хуралд хүргүүлсэн. Орон нутгаас зохих шийдвэр гарч, судалгааг нарийвчлан хийсний дараа тусгай хамгаалалтанд авах талаар ярилцаж шийдвэрлэх боломжтой” гэж ярив.

“АВАРГА ТОСОН” ИРГЭН ХОЁР

“Хэрлэний хөдөө арал” хөдөлгөөний тэргүүн С.Дамдинсүрэн (2013.08.26) “Аварга тосон” рашаан сувиллыг Түмэндэмбэрэл гэдэг хүн хувьчилж аваад өөр хүмүүст менежментийн хувьчлалаар өмчлүүлсэн юм уу, эсвэл түрээслүүлж байгаа байх. Жаргал гэдэг хүнийг Хэнтийн аймгийн Засаг дарга байх үед Ардчилсан холбооны Амарсайхан Дэлгэрхаан сумын Засаг даргаар ажилласан. Тэгэхдээ Хэрлэний хөдөө аралд газрын лицензийг жинхэнэ тараасан хүн. Хөдөө аралыг сүйтгэж, сүйрэлд оруулж байгаа гол хүн бол тэр Амарсайхан. Жаргалын үед Дэлгэрхаан сумын Засаг дарга хийж байгаад дунд нь нэг өнжөөд одоо мөн сумын Засаг даргаар ажиллаж байна. Аварга тосон нуурын орчинд гүн өрмийн 18 худаг ажиллаж байгаа. Энэ бол нуурын усыг багасгах, ширгээх аюултай. Худаг гаргах зөвшөөрлийг Амарсайхан өгсөн байж таарна. Харин Аварга тосонг хамгаалж Хэрлэний хөдөө аралд олгосон тэр олон лицензийг цуцлуулахад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ маш чухал үүрэг гүйцэтгэсэн шүү” гэж байхад ахмад эмч С.Дугарсүрэн гуай “Би Ерөөлсүрэн, Одончимэд та нарын нийтлэлийг уншчихаад Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Цэгмэд гэж хүнтэй уулзсан. Тэр сүрхий их зантай охин намайг нохойноос дор үзэж байна билээ. Тэгээд тэр “Рашаан сувиллын асуудал Гандигийн яамны мэдэлд байж байгаад манай яамны харъяанд сая ирсэн. Би зөвхөн лиценз олгодог хүн. Эмчилгээ, сувилгааны асуудал манай яаманд хамаагүй. Би мэдэх ч үгүй” гэж загнасан. Эмчилгээ сувилгааны асуудал хамаагүй Эрүүл мэндийн яам байдаг л юм байх даа гэж бодсон. Тийм хүнтэй юу ярихав. Аварга тосон нуурын рашааны чанар, эмчилгээний шинж байдлыг манайхан судлаагүй биш судалсан. Одоогийн Эрүүл Мэндийн яамны залуучууд мэдэхгүй байгаа юм. Шинжлэх ухааны академ, Анагаах ухааны хүрээлэн, Эрүүл мэндийн яамны хамтарсан бүхэл бүтэн шинжилгээний анги 1961-1966 онд таван жилийн турш ажиллсан. Би тэгэхэд оюутан, тэдэнд туслах ажилтнаар ажиллаж байлаа. Шинжилгээний ажлын үр дүнг 1966 оны аравдугаар сарын 27-ны өдөр гурван газрын эрдэмттийн зөвлөлийн хамтарсан 18-р хуралдаанаар хэлэлцэж “Аварга тосонгийн рашаан усыг эмчилгээнд ашиглах зааварчилга” гэсэн бүхэл бүтэн том ном гаргасан. Тэр зааварчилгаанд тулгуурлан 1969-1970 онд Нэгдэл дундын амралт байгуулсан юм. Бид шинжилгээ судлагааны ажлыг явуулахдаа нууранд орох гэж байгаа хүнийг эмчийн үзлэгт оруулж даралтыг нь үздэг. Нууранд 20 минут оруулж, гарахаар нь нойтон алчуураар хучиж байгаад даралтыг нь дахин үзэж харьцуулдаг байв. Рашааны нэг сүрхий үйлчилгээ бол хүний даралтыг эхлээд эрчимтэй буулгадаг, аажимдаа хэвийн байдалд нь оруулдаг үйлчлэл юуны өмнө ажиглагдаж байсан. Аварга тосонгийн рашаан нууранд гурван нас хүрээгүй хүүхэд орж болохгүй. Хэрэв зайлшгүй орох эмчийн заалттай бол нууранд орохгүйгээр зөвхөн цагаан шаврыг нь түрхээд 10 минутын дараа арилгах. Хар шаврыг насанд хүрсэн хүн зөвхөн зузаан үе буюу өвдөг, тохой зэрэг том үенд халааж хэрэглэх учиртай гээд анхаарах зүйл цөөнгүй бий. Гэтэл одоо хүмүүс бүх биендээ түрхэчихсэн негр хүн шиг юмнууд гүйлдэж явах юм. Тэгж болохгүй. Нууранд ханадаг хорхой байсан, одоо бараг байхгүй болсон. Тэр хорхой хүний биеийн зөвхөн өвчтэй хэсэгт наалдаж өвчнийг нь авдаг. Харин цагаан шаврыг насанд хүрсэн хүмүүс нимгэн арьстай газар тавих ёстой. Аварга тосон нуурт бороо ордогүй, эргээс зайтай тойрч ордог сонин онцлог бий. Мундаг бороо нүүрлээд ирсэн хэрнээ зөвхөн эрэг орчмоор нь тойрч ороод өнгөрдөг. Энэ нь усны химийн найрлага, радио идэвхт бодисын нөлөөлөлтэй холбоотой байх. Нуурт өглөө эрт юм уу, оройн цагаар тогтношсон үед нь орвол илүү үр дүнтэй. Би Увс аймгийн Бөхмөрөн сумын хүн. Гэвч ажил амьдрал, эрүүл мэндээрээ Аварга тосон нууртай 1961 оноос хойш холбоотой явна. Таван хүүхэд, арван ач зээ, бүр гуч нар маань Аварга тосон рашааны буянд эрүүл энх сайн сайхан аж төрж байгаа” хэмээн хуучилж суусан юм. Мөн Дэлгэрхаан сумын иргэн Пүрэвдагва “Манай Тосон нуур хүнд өгөөжтэй, ач буянтай сайхан газар. Олон хүнд ач буянаа хайрласан хангай. Гэвч сүүлийн үед даанч дэндүү хайр гамгүй хандаж сүйтгэж байна. Та, энэ эмх замбараагүй олон хашаа байшин, гэр майхан, машин тэрэг, хог новшийг харж байгаа биз дээ. Энэ бол Дэлгэрхаан сумыг, сум нэгдэл гэж байхад Нэгдэл дундын амралт гэж юм байгуулаад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үүд хаалгыг нээж өгсөн Т.Тулгаа нарын зэрэг дарга нартай холбоотой” гэсэн бол Улаанбаатарын иргэн Болдбаатар “Би Аварга тосон нуурыг 1963 оноос мэднэ. Аавтайгаа ирдэг байлаа. Энд гэр байшин гэх юм бараг байхгүй. Тэр зүүн хойд Цэнгэг нуур чинь савнаасаа хальж цааш урсаж Аваргын голыг тэжээдэг, ёстой нэг сайхан газар байлаа. Одоо ч нүд халтирахаар болжээ. Энэ маягаар яваад байвал энэ сайхан нуурууд мөд ширгэж алга болох байх. Ерөөсөө яг эзнээ алдсан газар шиг л байх юм” хэмээн сэтгэл зовнин өгүүлсэн.

“АВАРГА ТОСОН”  БА ДАРГА НАР

Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамны Усны сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат “Манай яамны хувьд “Аварга тосон”-г дангаар нь нарийвчлан авч үзээгүй. Хүний хүчин зүйлийн нөлөөнөөс ус бохирдож, устаж үгүй болдог, болоход хүрдгийн жишээ бол Аварга тосон нуурын өнөөгийн байдал юм гэдгийг нийтлэлээс ойлгосон. Шалтгаан нь нуурыг боломжит нөөцөөс нь давуулж ашигласнаас болж байна. Нууранд олон мянган хүн ордог. Тэд нуур дотор зогсож байгаад биеийнхээ шаврыг саван, шампуниар арилгаж байгааг би харсан. Энэ бол байгальд үзүүлж буй аюултай үйлдлийн наад захын жишээ. Тэгээд ч манай улс усны нөөцөд сав газрын бүтцээр менежмент хийж байгаагүй. Орон нутгийн засаг захиргааны нэгжээр чухамдаа тэр аймаг, энэ сум гэж хийдэг. Гэтэл ус бол байгалийн тогтоц. Байгалийн тогтоцоор нь авч үзэж гадаргын болон гадаргын доорхи ус хурж байгаа талбайн хэмжээ агуулгаар нь авч үзэхийг сав газар гэдэг. Байгаль орчны багц хуулинд 2012 онд өөрчлөлт ороход Усны тухай хуулинд мөн өөрчлөлт орсон. Ингэснээр Монгол орны нутаг дэвсгэрийг хамарсан 29 усны сав газар байхаар анх удаа хуульчилж өгсөн. Сав газрын захиргаа байгуулах ажил ид явж байна. Аварга тосон нуур бол тогтоц байршлын хувьд Хэрлэн голын сав газрын бүсэд хамаардаг. Хэрлэн голын сав газрын захиргаа 2013 оны есдүгээр сард байгуулагдсан. Энэ бол төрийн байгууллага. Хэрлэнгийн сав газар гэхэд Хэрлэн гол эх авч байгаа газраас эхлээд Хэнтий аймгийг бүхэлд нь хамарч цаашаа Дорнод аймгийн нутгаар дамжаад хил гарч байгаа тэр нутгийг хамарсан сав газарт усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэнэ. Манай яаманд байгаль орчны хяналтын үүрэг байдаггүй. Мэргэжлийн хяналтын газарт хамаардаг. Бусад орнуудын байгаль орчны хяналт нь нэн түрүүнд Байгаль орчин, усныхаа яаманд харъяалагддаг” хэмээн салбарын ажлын онцлог, нөхцөл байдлыг учирлан ярьсан бол МҮЭХ-г олон жил удирдсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Аварга тосон”, “Хужирт”, “Шаргалжуут”, “Оргил”, “Отгонтэнгэр”-ийн гээд олон рашааныг монголчууд хэдэн зууны турш хайрлан хамгаалж ач буяныг нь хүртсээр ирсэн. Тэдгээрийг  түшиглүүлэн байгуулсан амралт сувиллын газрууд нь МҮЭ-ийн өмч, мянга мянган гишүүдийн маань татвар, хүч хөдөлмөрөөр боссон бүтээн байгуулалтууд. Олон түмний тэрхүү бүтээл баялгийг  төр, засгийн менежментийн буруугаас зөвхөн мөнгө бодсон цөөн хүнд өгснөөр өнөөдөр бузартан бохирдож, устаж үгүй болдогийн ирмэг дээр ирсэнд би харамсдаг. Түүний нэг нь “Аварга тосон” рашаан сувилал. Энэ талаар надад олон хүн харамсан ярьдаг. Байгалийн хишиг хайр рашаан ус, эмчилгээний шавар гэдэг баялаг бол эрх баригчид, улс төрчид найз нөхөд бие биедээ найр тавьж өгдөг, бизнес эрхлэгчид гар дамжуулан наймаалцдаг, мөнгө хийдэг хэрэгсэл биш. Эрүүл Мэндийн яамнаас олгодог Магадлан итгэмжлэл гэдэг баримт бичиг чухам ямар ач холбогдолтой юм. Үр нөлөөг нь дээшлүүлэх, холбогдох байгууллагууд магадлан итгэмжлэл өгсөн бол түүнийхээ хойноос хөөцөлддөг, мөрөөр нь дорвитой ажил хийдэг, тэр магадлан итгэмжлэлдээ эзэн болж чадахгүй байгаа бол цуцалдаг, хүчингүй болгодог. Зүгээр нэг цаас биш, үүрэг хариуцлагын баримт болгох ёстой. Рашаан сувиллууд ялангуяа “Аварга тосон”-гийн талаархи яриа, дэвшүүлсэн санаа бол өнөөдөр анхаарвал зохих чухал асуудлын нэг. Харамсалтай нь ганц хоёрхон хүн ярьж бичиж байгаа нь чамлалтай. Хэнтий нутгийн ялангуяа Дэлгэрхаан сумын Иргэдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар сэтгэл, чармайлт гаргаж ажиллах  ёстой. Мөн “Аварга тосон”  рашааны хамгаалалтыг сайжруулах, ашиглалтыг боловсронгуй болгох талаар Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Эрүүл Мэнд, Соёл Спорт, Аялал Жуулчлалын Яамд онцгой анхаарч тал талаас нь ярилцаж бодлогоо нэгтгэж оновчтой шийдэлд хүрч ажиллах цаг болсон нь харагдаж байна” хэмээн онцлон анхааруулж байлаа.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумыг Засаг дарга О.Амарсайхан (Би энэ даргатай 2013 оны YIII сар, мөн XII сарын 19-ний өдрүүдэд ярьсан) “Нийтлэлд голыг нь олж, үнэн бодитой зүйлийг бичсэн байна билээ. Бид нийтлэлийн мөрөөр тодорхой ажил зохион байгуулахаар ярьж зарим шийдэлд хүрээд байна. Аварга тосон нуур бол төрийн өмч. Тийм учраас бид нуураа хамгаалах, хадгалах талаар онцгой анхаарах ёстой. Юуны өмнө Аварга тосон нуурын усанд шинжилгээ хийлгэнэ. Цаашид хэрхэн яаж хамгаалах талаар бодлого, төсөл боловсруулж ажиллана. Энэ бүхэнд нэлээд хөрөнгө хаях бодолтой байна. Манайд Орон нутгийг хөгжүүлэх сангийн шугамаар ирэх жил гайгүй хэдэн төгрөг хувврилсан. Түүнээс 125 сая төгрөгийг “Аварга тосон” рашаан нуурын орчныг тохижуулах, хамгаалахад зориулна. Үнэлгээний хороо байгуулаад ажиллаж байна. Удалгүй тендер зарлаж гүйцэтгэгчээ сонгоно. Тэгээд л ажлаа эхлүүлнэ. Бас 50 гаруй сая төгрөг дутаж байгаа. Нуураа түшиглэж үйл ажиллагаа явуулдаг том компаниудаас хандив авах бодолтой. Энэ нуурыг түшиглэж “Аварга тосон” рашаан сувилал, “Хүннү хөдөө арал”, “Костал”, Арьсны өвчин судлалын төв. Хилийн цэргийн сувилал зэрэг арав гаруй аж ахуйн нэгж, 100 орчим хувь хүн сувилал үйлчилгээ явуулдаг. Зарим хүн өдий төдий гэр байшин барьчихсан үйлчилгээ явуулдаг. Манай энэ нуурт жилд ойролцоогоор 4-6 мянган хүн ирж үйлчилүүлдэг. Байгаа боломжтойшоо харьцуулахад хэтэрхий олон хүн байгаа биз. Манайд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс хамгийн том нь “Аварга тосон” рашаан сувилал. Эзэн нь Майнаа (Мөнөөх Д.Майнбаярыг ингэж дууддаг бололтой) гэж хүн бий. Тэдний зөвхөн ашиглаж байгаа газар гэхэд л 10 гаруй га шүү дээ. Тэгэхээр эднийхээс шалтгаалах асуудал цөөнгүй бий нь үнэн. Аварга тосон нуур манай сумыг тэжээдэг, иргэд маань нуураа түшиж хэд гурван төгрөг олж амь зуулгаа залгуулдаг. Бид нуураа хамгаалж зөв зохистой ашиглахаас өөр арга байхгүй. Гэхдээ бид аж ахуйн нэгжүүд яах бол, юу хийх бол гэээд харж суухгүй. Өөрсдөөсөө шалтгаалах ажлаа хийнэ” гэж ярьсан. Энэ бол сайхан үг, үр дүнг нь  харах л үлдлээ.

ТӨГСГӨЛ БУЮУ ХҮЛЭЭХИЙН ЗОВЛОН

Сүүлийн жилүүдэд Хэрлэний хөдөө аралд Монгол, Японы хамтарсан “Шинэ зуун” төслийг хэрэгжүүлж дурсгалт газруудыг нарийвчлан судлах, сурталчлах, хамгаалах ажлыг хийсэн нь сайшаалтай. Аварга тосон нуураас баруун урагш арваад километрт “Их Ауруг орд”-ын буурь, тэндээс  зүүн урагш саахалтын хэртэй газарт Аваргын усан рашаан, мөн баруухан хойно нь “Монголын нууц товчоо”-г бичиж дуусгасан Долоон болдог оршдог гээд Хэрлэний хөдөө арал дахь түүх соёлын дурсгалт газруудыг ярьж тоолж баршгүй. Харин өнөөгийн эрх баригчид тэр бүхнийг хэр мэдэж ач холбогдол өгдөг нь нэг л бүрхэг  санагдлаа.
Ер нь Улсын Их Хурал, Засгийн газар, зарим яам агентлагаар хэдэн сар бэдрэн явахад манай төр, засгийн ажил шат шатандаа их сүрхийгүй, тун задгай замбараагүй байгаа нь олон газар ажиглагдав. Ажлаа мэддэг, ажлаа хийдэг хүн цөөхөн. Өөр хоорондын ажлын уялдаа холбоо бараг байхгүй. Уулзсан хүн бүр  Өмнөх Засгийн газрын хийгээгүй ажлыг бид хийх гэж үйлээ үзэж, тамаа цайж байна. Бид тийм ажил хийх гэж байгаа. Бид нэг ийм стандарт боловсруулна. Бид нэг төсөл боловсруулахаар судалж байна. Тэрийг чинь бид тэгж харж байгаа. Хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барина. Хэрэв энэ хууль батлагдвал ёстой сайхан болно. Бараг зөв гольдиролдоо орно. Бид мониторонг хийнэ. Тэрийг чинь бид тэгж харж байгаа” гэхчилэн бүхнийг ирээдүй цагт хамааруулж нэг хэв маягаар чамирхсан гаж үгээр улиглаж байгаагаас бус “Тийм ажил хийчихлээ. Ийм үр дүнд хүрлээ. Ингээд аятайхан болчихлоо” гэх хүн ховор. Дээр нь “Төсөв хүнд. Зардал мөнгө байхгүй болохоор ажил хийж болохгүй юм. Мөнгөтэй бол ч ажлыг хийнэ дээ” гэсэн нийтлэг дүр төрх давамгайлан бохь зажилж, гар утсаараа оролдож, компьютерт элдэв захидал бичилцэн инээд ханиад болж бас английн ганц нэг үгээр гангарч, ширээ алгадаж тааз ширтэж суудаг нь илүү түлхүү харагдах юм. Манай шинэчлэлийн төр, засгийн ажил нэг иймэрхүү маягтай байгааг нуугаад яахав. Ухаантай нь санаа авч, урагшгүй нь уурлах биз. Нэг зүйлийг онцлон хэлэхэд сайд дарга нарын сайхан яриаг сонсоход ямар гоё байсан гэж санана. Харин хэн нь худлаа залж, бэлэн амладаг, хэн нь боломж бололцооныхоо хэрээр зүтгэж хэлсэн амандаа хүрдгийг улирах цаг харуулах биз. Хүлээх л  үлдлээ... Хүлээхийн зовлон ч яггүй дээ.

Эх сурвалж www.pilot.mn
Байгаль далайн эрэгт амарсан тэмдэглэл
2015 оны 6 сарын 12
Бороон дуслууд бөнжигнөн, үүлний цаанаас наран бүдэгхэн туяарах их хотын үдэш бидний хэсэг нөхөд энэ зуны анхны аялалдаа гарлаа. 19 хүн ажил, амьдралаа зохицуулж хамтдаа явна гэдэг тийм амар биш. Гэвч богино хугацаанд сайхан аялаад ирэх боломжийг “Дэлхийгээр аялсан монголчууд” группээс олгосон юм. Сүүлийн жилүүдэд монголчууд жим гартал зорчих болсон амьд бурхан Итгэлт хамбад мөргөж ажил амьдралаа даатгах нууцхан хүслээ сэтгэлдээ тээж, амралтын хоёр өдрийг Байгаль нуурын эрэгт зугаатай өнгөрүүлэх төлөвлөгөөтэй хөгшин, залуу 46 хүн нэг баг болон гурван шөнө, дөрвөн өдрийн аялалд оролцсон.
Пүрэв гаригийн орой 18:00 цагт хөдөлсөн автобус дүүрэн хүн хоорондоо танилцаж, тоглон, нэгнийгээ цаашлуулж инээлдэж явсаар шөнийн 02:00 цагт Монгол, Оросын хилийн зааг дээр ирлээ. ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш хилийн ачаалал нэмэгдэж, өдрийн цагаар урт дараалал үүсдэг болжээ. Харин шөнө хил гарах нь урт дараалалд зогсохгүй цаг хугацаа хэмнээд амар байдаг юм билээ. Оросын нутаг дэвсгэрт ороод бүгд гүн нойронд дарагдав. Харин нар алтан шаргал цацрагаараа нүд гялбан төөнөхөд бид хэдийнэ Иволген дацаны хажууд ирсэн байлаа. Автобуснаасаа бууж биеийн чилээгээ гаргасан аялагчид дацаны эргэн тойрноор зугаалж холгүй байдаг нүдний рашааны ундарга дээр очив.
Бид өглөөний цайгаа хийдийн ойролцоох айлуудын дунд байрлах орос маягийн гоёмсог байшинтай Алтанзаяа кафед уусан. Монголчуудад их элгэмсэг хандах буриад авгай амттай буузаар биднийг дайллаа. Улаан-Үдэд бууз нь 40-45 рубль хэрнээ их том, шөл ихтэй, гурил нь яаж ч барьсан цоорч урагдахгүйгээрээ онцлог. Гурилаа тусгай технологиор зуурдаг гэсэн.
10:00 цагт Иволген дацан онгойж мөргөлчид дугаарлан оров. Манай багийн 46 хүнээс гадна нэг автобус дүүрэн хүмүүс, хэд хэдэн хувийн автомашинтай монголчууд байлаа. Дацангийн үүдэнд болон хашаанд нь эртний эд зүйлс болон, шашны холбогдолтой бараа зардаг юм байна. Бурхан шашны төв болохоор цаанаа л нэг нам гүм, орхимж намируулсан лам нарыг хараад өөрийн эрхгүй сэтгэлдээ төвлөрч байв.
Хорвоо ертөнцийн тайлагдашгүй нууцын эзэн болж, өнөөг хүртэл өргөөндөө заларч, сүсэгтэн түмэндээ одоо хүртэл буян үйлдсээр байгаа Итгэлт хамба гэж хэн юм бол. 1927 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Буриадын XII дугаар хамба лам Дашдорж Итегэловын бие 75 жилийн дараа газар доороос гаргаж ирэхэд амьд мэт хэвээрээ байсан тухай мэдээлэл 2002 онд дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Түүнээс хойш одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс таван сая гаруй мөргөлчид ирээд байгаа юм билээ. 
Хамбын өргөөнд орохоос өмнө заавал дацанг гороолж ,танилцах ёстой юм байна. Дацангийн голд том хүрд байв. Эхний удаа эргүүлэхдээ хамаг муу муухайг өөрөөсөө зайлуулж байна гэж бодох бол дараагийн удаад өөрийнхөө зорилгын тухай бодно. Харин сүүлчийн удаа эргүүлэхдээ сайн сайхныг өөртөө хуримтлуулж байна гэж бодох ёстой. Бид энэ дэгийн дагуу хүрдээ гурав эргүүллээ.
Сонирхуулахад жил бүр Иволга дацанд эрдэм шинжилгээний хурал болдог. Энэ үеэр дэлхийн олон эрдэмтэд, сүнс судлаачид ирж, Итгэлт хамбын энэ гайхамшгийн тухай ярилцаж, судалгаа явуулж, дүгнэлт хийдэг ажээ. Гэвч түүний нууцыг тайлсан эрдэмтэн одоогоор дэлхийд алга. Зарим техник өндөр хөгжсөн орны эрдэмтэд өөрсдийн багажаа авчирч, судалгаа явуулжээ. Амьд хүний хажууд байхаараа савлаж, өнгөрсөн хүний хажууд тавихаар хөдлөхөө больдог тусгай багажийг хамбын хажууд тавихад хэдийгээр хүчтэй савлаж хөдлөөгүй ч зогсолгүй бага хэмжээгээр хөдөлж байжээ.
Итгэлт хамбад мөргөхөд тогтсон ёс, дүрэм гэж бий. Дацанд орохдоо бүсгүй хүн богино хормойтой хувцастай орохыг цээрлэдэг учир бид монгол дээлтэй очсон. Өргөөнд эрчүүд эхэлж ордог уламжлалтай юм байна. Өргөөний хойморт амьд бурхан дүрээрээ заларч байв. Хамбатай золгуулах тусгай лам биднийг угтсан юм. Өргөө нам гүм, зөвхөн хүсэл зорилгоо сэтгэлдээ тээх, сүсэглэн залбирах мөргөлчдийн намуухан амьсгалах чимээ л үл мэдэг сонсогдож байх юм. Хамба ламтан тэргүүнээ жаахан гудайлгасхийн сууна. Түүний өмнө зогсоход өөрийн эрхгүй сэтгэлийг амар, амгалан нөмрөх шиг санагдсан. Бид хадгаа барьж, аравнайлуулаад, хүслээ тээгээд, бодлоо ариусгаад гарсан. Түүний нүдрүү харж, хүслээ шивнэхэд зүрх хурдан хурдан цохилж эхлэх юм билээ. Итгэлт хамбын дацанд түүнтэй энергээрээ харьцаг, биед нь хүрдэг нэг л лам бий гэсэн. Тэрээр багштайгаа харьцаад сургааль, номыг нь биелүүлдэг ажээ.
Биднийг өргөөнөөс гарч ирэхэд түрүүхэн л хүйтэн салхи үлээж байсан гэхээргүй алтан шаргал нар халуун элчээрээ төөнөж байлаа. Нэг л ер бусын содон мэдрэмж бидний сэтгэлд мэдрэгдэж байв.

Аяллын дараагийн чиглэл бол Улаан-Үд хотоос 170 км зайд орших Байгаль  нуур байлаа. Сибирийн гоо үзэсгэлэнг бүрэн харуулах битүү ойтой замаар явахад халуун нар элчээ үзүүлж замын туршид гоолиг өндөр модод гоо сайхнаа гайхуулан ногоорон өнгөрнө. Үдийн наран чанх дээрээс төөнөх үед бид дэлхийд цэвэр тунгалаг усаараа гайхуулдаг алдарт Байгаль нуурын эрэгт байрлах Авангард амралтын газар буудалласан юм. Горячинскийн халуун рашааны дэргэд далайн эрэг дээр шинэхэн баригдсан Авангард амралтын газар тав тухтай. Өдрийн гурван хоолтой, өрөө болгон душтэй. Дотроо караоке, диксо, билльярд, саунтай юм билээ.
Аялагчид үдийн хоолоо идээд өрөө өрөөндөө төвхнөж аваад далайн эрэг рүү гүйлдлээ. Тэнгэрийн хаяа ус нийлэн харагдах гайхамшигт дүр төрх, эрэг рүү давалгаалан хаялах их усны чимээ, нарны туяанд солонгорон үзэгдэх нуурын толио гээд нүд чих сэтгэл баясгах байгалийн сайхан үзэгдлийг зөвхөн энд харна. Нуурын эргээр зугаалах, хөөцөлдөн гүйх, тоглох залуус, Байгаль нуураа ширтэн суух настан буурлууд бүгд л сэтгэлийн амар амгалан баяр хөөрийг мэдэрч байв. Мөн олон хүн холхидоггүй энэхүү аглаг эргээс Сибирийн цаст өндөр уулсууд харагдаж байдаг нь наранд шарлагын газруудад байж болох хамгийн төгс үзэмж юм билээ.
Цагаан элсэн эрэгтэй энэхүү амралтын газраас 800 метрийн зайд байгалийн халуун рашаан байдаг бөгөөд хүн бүр үнэ төлбөргүй орж болдгоороо онцлог. +50 хэмээр газраас оргилох халуун рашаанд хөлөө дүрж суувал алжаал ядаргаа тайлагдаж, олон өвчинд тустай гэсэн.
Ийнхүү бид хөгжил хөөр амралттай нэгэн үдшийг өнгөрүүлээд гурав дахь өдрийнхөө өглөөг Байгаль нуурын эрэг дээр угтсандаа баяртай байлаа. Өглөөний цайгаа уугаад Улаан-Үд хотыг зорин довтолгосон. Үдийн зоогоо Модерн Номадс сүлжээ рестораны салбарт барив. “Дэлхийгээр аялсан монголчууд” аялал жуулчлалын компани эднийхтэй хамтран ажилладаг учраас хоолны үнэ харьцангуй хямд. Хоёр хоол цайтай ердөө 350 рубль. Амттай хоол идэж хүч сэлбэсэн аялагчид Улаан-Үд хотын төв талбайд очиж Ленин багшийн хөшөө, Арбатын гудамжаар зугаалж, дурсгалын зургаа татуулсан. Мэдээж хил гарсан хүмүүс дэлгүүр захаар оролгүй ирнэ гэж байхгүй. Хямд хэр нь амттай хүнс, жимс, оросын чанартай хувцас гээд хийхгүй худалдаа үгүй.
Оройн наран шингэж нутгийн зүг хүлгийн жолоо залах замдаа Итгэлт хамбын рашаан дээр очсон юм. Энэхүү өвчинг анагаах увдистай хосгүй рашаанаараа тэрээр эм, тангаа найруулдаг байжээ. Газрын гүнээс ундрах хэзээ ч мууддаггүй рашааныг Буриадууд болон монголчууд их хэрэглэдэг гэнэ. Рашаан чихрийн шижин, харшил, арьсны цайралт, ходоод зэрэг бүх өвчинд сайн юм байна. Харин рашаан руу бүсгүй хүн орох цээртэй ажээ. Зөвхөн эрчүүд орж, ховоогоор татаж гаргадаг юм билээ. Хашаан дотор Итгэлт хамбын гэр музей байна. Мөн түүний гэгээн дүрийг залжээ. Шидэт рашаанаас хүртэхээр ирсэн хүмүүс хашааг нар зөв тойрч, ар нуруугаа харуулахгүй гардаг юм байна. Итгэлт хамбад аминчлан мөргөж, шидэт рашаан хүртээд Байгаль нуурын эрэг дээр амарсан аялагчид эрч хүч, инээд хөөрөөр дүүрэн дөрөв дэх өдрийн өглөө Улаанбаатар хотдоо эргэж ирсэн юм. Амралтын өдрүүдийг тааруулж богино хугацаанд сонирхолтой, хямд аялал зохион байгуулж өгсөн “Дэлхийгээр аялсан монголчууд” аялал жуулчлалын компанийн захирал Г.Ариунчулуунд баярлалаа. Хэрэв бидний адил сонирхолтой аялал хайж буй бол “Дэлхийгээр аялсан монголчууд” фэйсбүүк групт нэгдэх буюу 88024353 дугаарын утсанд холбогдоорой. Энэ компани наадмын амралтын өдрүүдээр гурав хоног Байгаль нуурын эрэгт байрлах аялал зохион байгуулах гэж байгаа юм билээ. Мөн байгууллага, хамт олон, найз нөхдийн аялалыг тэдний сонирхолд нийцүүлэн зохион байгуулдагаараа онцлог юм билээ.

Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж http://www.info.mn

Tuesday, January 24, 2017

ГҮНЖИЙН СҮМ РҮҮ АЛХСАН НЬ

JULY 27, 2016


Алхах хүртэл

Тэрэлжийн эцэс хүртэлх засмал зам 70-аадхан км-ийн урттай боловч үдийн дөрвөн цагт Улаанбаатараас аажуу тайвуу хөдөлсөн Тэрэлжийн автобус зам зуураа Налайхаар дайрч, бас Мэлхий хад руу зам муруйсны эцэст хоёр цаг гаруйн дараа л эцсийн зогсоолдоо хүрсэн бөгөөд чухам эндээс л Гүнжийн сүм хүрдэг 40-өөд км шороон замыг явган туулсан юм.

Автобус өдөр бүр 12, 16 цагаас Баруун дөрвөн замын автобусны буудлаас зорчигчдоо суулгаж эхлэн замдаа буудал бүр дээр зогссоор Тэрэлжийг зорьдог тул замын турш зогсоогоороо явахгүй л гэж бодож байвал аль болох эхний буудлуудаас л автобусандаа суух хэрэгтэй. Ер нь тийм болоод ч тэр үү, 16 цагийн автобус ирэх нь ойртох тусам Баруун дөрвөн замын автобусны буудал хавиар яавч хот дотор зорчих гэж байна гэж хэлэхээргүй их ачаа бараатай аянчин гийчин, зорчин явагчид олшроод ирэв. (Тэрэлжийн эцэс хүртэл 2500 төгрөг)

Тэрэлжийн эцэс гээд л байгаа болохоос угтаа бол Тэрэлж тосгон л доо. Харин Улаанбаатарынхан Тэрэлж зочид буудал, UB2 амралтын газар байрладгаар нь энэ хавийг андахгүй. Дэргэдүүр нь хоржигнон урсах Тэрэлжийн голын яйжгар модон гүүр энэ хавьдаа л гол гаталгадаг ганц гүүр нь учраас явган зорчигчид бүгд л үүгээр гарна. Хэрэв том машингүй бол жижиг тэргээр голыг туулж гарна гэдэг бүтэшгүй хэрэг юм билээ. Ер нь Гүнжийн сүм орохын тулд машинаар ч бай, явганаар ч бай заавал Тэрэлжийн голыг гатлах ёстой. Энэ өдөр үүлгүй, хурц нартай боловч гадаа тогтуухан байлаа.





Бадарчилсан нь

Бидний баг хоёр хүнтэй. Тус бүртээ 15 орчим кг-ийн үүргэвчтэй. Бараг хүн бүр л үүргэвчтэй аялдаг шахуу болсон өнөө цагт үүргэвчиндээ юу авч явах ёстойг тоочин бичих нь ёстой илүүц хэрэг биз ээ. Ийнхүү бид өнөөх модон гүүрээр Тэрэлжийн голыг гатлаад Тэрэлж-Туулын бэлчрийг чиглэн уруудлаа. Шороон зам байсхийгээд л олон салаалах авч урагшлах тусам бүгд нэг л чиглэлтэй гэдэг нь мэдэгдэнэ. Тэрэлж голын эрэг хөвөө өндөр саглаг мододтой, бургас бут битүү ургасан ихэд үзэсгэлэнтэй газар санагдав. Машинаар бол эргэн тойрноо тухтай харж ч амжилгүй зэрвэсхэн хугацаанд давхиад л өнгөрөх газрыг явган алхаж буй хүн л алхам алхмаар, хором хормоор гайхан сонжиж, байгалийн сайхныг нь мэдрэн хардагт л явган аяллын амт шимт оршдог байх.

Цаг оройтсон тул зам баахан хороож чадахгүй болов уу гэж таамагласан нь батлагдав. Дөнгөж дөрвөн км алхсаны эцэст Тэрэлж голын хөвөөнд отоглохоор боллоо. Улаанбаатараас Тэрэлжид ирэхийн тулд Туул голыг хоёр удаа гүүрээр гаталдаг бөгөөд хэрэв маргааш Тэрэлж-Туулын бэлчир хүрвэл хотоос гарснаасаа хойш ийнхүү гуравдахь удаагаа эртний танил Туул голтойгоо уулзан учрах болно.

Бусад хүмүүс явган аялахдаа юу идэж уудгийг би хэлж мэдэхгүй юм. Надад лав борц, гоймонгийн хоршил шиг үүрэхэд хөнгөн, худалдаж авахад хямдхан, болоход хурдан, идэхэд амттай хоол ховор санагддаг. Мөн аяны хийн зуух амар санагддаг учраас би түүдэг ч асаадаггүй юм.

Тэрэлжид орой болох нь үнэхээр үзэсгэлэнтэй. Голын хоржигнох чимээн, жаргаж буйнарны зөөлөн илч, униарт хөндий, хоточ нохойн хуцах дуун, мотоцикльны хүржигнээн, өвсний үнэр, цаг завгүй бүчин дайрах ялаа шумуулнууд гээд харагдах, сонсогдох, үнэртэх, хүртэгдэх бүхэн нэгэн цогц болох нь зүйрлэвээс Өргөөгийн iMax-аас ч илүү шүү. Гэхдээ амралтын газрын тохилог байшинд хоносон бол бас ингэж мэдрэгдэхгүй ч байж мэднэ. Тийм учраас майханд хонохын амт шимт үүнд л оршдог байх.


Их дайралт

Маргааш боллоо. Шөнө дунд нэгэн нохой майхныг маань шиншилснийг эс тооцвол тайван амгалан хонов. Бас л үүлгүй, нартай өдөр аж. Гэхдээ бороо орохгүй байгаа нь балчиг намгаараа алдартай Гүнжийн сүмийг зорьж яваа бид хоёрт тун сайн хэрэг.

Өнөөдрийн гол зорилго бол эрчтэй дайрч, оройн бүрийтэй зэрэгцэн Гүнжийн сүмд майхангаа зоох явдал байв. Гэвч энэ нь бидний хамаг хүч чадал, урагшлах урам зоригийг шавхсан бүтэшгүй зорилт байсныг нар гудайхын үед Гүнжийн сүмийн хаяанд ч ойртоогүй байхдаа бид ухаарцгаасан юм даг.

Туулын хөндий мөн л ер бусын үзэсгэлэнтэй юм аа. Мод буттайгаа хамт уулсыг ороон, хормойг нь шүргэн урсах нь эрт цагт их хүрээ хотыг Туулын хөндийд барьж босгосны учир холбогдлыг тайлбарлах шиг л болов. Өргөн уудам хөндийтэй, рашаан тунгалаг устай, эргэн тойрны уулс нь шилмүүст ойгоор хучигдсан учраас аянчин гийчдийн амран саатдаг газар нь Туул л байсан болов уу гэж бодном.

Дэргэдүүр бараг л машин өнгөрсөнгүй. Цааш алхах тусам амралтын газар, айл амьтан эрс багасч байв. Өглөө чанасан хар цай, өчигдөр дэлгүүрээс худалдаж авсан савтай цэвэр ус дуусах дөхжээ. Жин үдийн орчимд Туул голд цутгадаг Дунд баяны гол хүрлээ. Эндээс өнөөх жижиг голыг өгсөж алхав. Уух юм бараг л дуусаж байтал Дунд баяны голд цутгадаг, дээгүүр нь харайгаад л гарчихмаар жижиг горхи тааралдсан тул уснаас нь баахан уув. Ус нь тун ч бүлээн юм. Гэхдээ цангасан хүнд бол кино үзэхдээ уудаг, Өргөөгийн хүйтэн коланаас ч илүү амттай санагдана шүү. Бас бид хоёрын замдаа хувааж идсэн алим ямар гоё амттай байв аа!

Замд нэг ядарсан францтай таарав. "No money, no food" гэсэн эхний үг нь л түүнийг хэр адал явдалтай явааг хэлээд өгнө. Уг нь олуулаа яваа боловч тэднээсээ төөрчихжээ. Бид хоёр түүнийг гурилан боов, ааруул, чихрээр дайлав. Голоос ус уучихаж байгаа тул уух юм хэрэггүй гэлээ. Одоо Тэрэлж рүү буцаад алхаж байгаа гэнэ.

Дунд баяны голыг өгссөнөөсөө хойш хүний урманд нэг ч машинтай таарсангүй. Айл амьтан ч алга. Гэхдээ машин зам нь тод юм. Зам голоос нэлээд зайдуу өнгөрөх боловч удаан алхсаны эцэст гол, зам хоёр ойртож, бүр огтолцохыг харав. Ам ихэд цангасан тул Дунд баяны голыг ёстой дуустал нь уух шиг л боллоо. Гүнжийн сүмийн зам намаг балчиг ихтэй гэсэн учраас үүргэвчиндээ зориуд шаахайгаа хийсэн нь гол гатлахад ихэд хэрэг болов.

Удаан алхсаны эцэст одоо л Гүнжийн сүм ойртох нь дээ гэтэл ойртож буй шинж ер алга. Гэхдээ байгалийн үзэмж бол үнэхээр гойд. Өвөлжөөнүүд л харагдахаас биш ойр хавьд эзэнгүй уулс л сүндэрлэнэ. Бүгд л араараа модтой юм. Яван явсаар Дунд баяны голд цутгадаг бас нэг жижиг голтой тааралдав. Энэ голын эхэнд Гүнжийн сүм бий бөгөөд шороон зам ч гэсэн гол өөд салаалжээ. Голын бут бургасан дундуур зам хороож байтал дөрвөн францтай халз мөргөлдлөө. Өнөөх, замд тааралдсан франц эрийн найзууд юм гэнэ. Гурван цагийн өмнө нэгэн франц залуутай дайралдсанаа хэлтэл тэд бөөн баяр болцгоолоо. "Ашгүй, Тэрэлж рүү буцаж байна гэнэ үү" хэмээн дахин дахин лавлаж асуув. Гүнжийн сүмд хоноглосон тэд буцаж яваа бөгөөд нэг нь гар утаснаасаа сүм хүртэл 12 км газар үлдсэнийг мэдээлж өгсөн нь ядарч туйлдсан бид хоёрт тун хэрэгтэй төдийгүй бас тун гонсойлгомоор мэдээ байв. Уг нь оройдоо багтаж Гүнжийн сүмийг эзлэх төлөвлөгөөтэй байсан шүү дээ.

Өнөөх голоо өгсөж байтал гэнэт жуулчны бааз нүднээ туслаа. Энэ газрын Гүнж гэдэг нэр нь Гүнжийн сүмд ирчихсэн мэт нэг л таатай мэдрэмж төрүүлэв. Амралтын газар бараадсан нутгийн айлаас сүм хүртэл хэдэн км газар үлдсэнийг, бас маргааш Тэрэлж хүртэл унаа явахыг асуутал одоо 8 км газар үлдсэн, бас маргааш унаа явж магадгүй гэлээ. Бид хоёр аялал эхлэхийн өмнө л Тэрэлжийн модон гүүрнээс Гүнжийн сүм хүртэл заавал алхаж очно гэж хатуу шийдсэн байсан бөгөөд харин буцахдаа яаж ч болно гэсэн зөөлөн болзолтой байв.

Амралтын газрын хаяанд отоглохоор боллоо. Энэ өдөр бараг л 30 шахам км алхжээ. Гоймонтой шөлөө буцалгаж, хар цайгаа чанаж уув. Шоколад халуун наранд хайлжээ. Энэ хавийн байгалийн сайхан бүр ч гойд юм гээч. Амралтын газрынхан ч гэсэн тун эелдэг юм. Хөөж туух нь бүү хэл, хөөрөлдөж юм ярих гэх юм. Нэг гэм нь ялаа шумуул ихтэй. Гэвч бүрий нөмөрмөгц өнөөх олон мянган ялаа ор сураггүй алга болчих нь хачин. Заримдаа хачин хачин юм бодогдоно шүү, жишээ нь энэ олон ялаа хаана очиж хоноглодог бол оо гэх мэт.


Сүүлчийн 8 км

Амралтын газрынхан үүргэвчээ үлдээж болно гэсэн учраас маргааш өглөө 9 цагаас Гүнжийн сүм рүү алхлаа. Бид хоёроос түрүүлээд амралтын газрынхан хоёр сингапур амрагчийг үхэр тэрэгт суулган Гүнжийн сүм үзүүлэхээр аваад явсан байв.

Үлдсэн 8 км бол тун бэрх зам. "Гүнжийн сүмийн зам шавартай л гэдэг, тэр шавар нь хаана байгаа юм бэ" гэж замын турш бодсоор ирсэн ч энэ 8 км-ийг шавар туучин туулсныхаа дараа үнэхээр л шавартай юм байна гэдэгт бат итгэсэн юм даг. Одоо надаас Гүнжийн сүмийн тухай хэн нэгэн асуувал шавар ихтэй гэсэн хоёрхон үгийг л хамгийн түрүүнд хэлнэ.

Торлог дундуур зүсэн өнгөрөх шороон зам балчиг намагт зай завсаргүй идэгдсэн байх тул хүрэх газраа хөл хуурай очно гэдэг үнэхээр худлаа. Урагшлах тусам битүү торлогоор хүрээлэгдсэн байх энэхүү шавартай замын төгсгөлд ямар нэгэн ер бусын нууцлаг эрдэнэс нуугдаж буй мэт санагдах тул хэчнээн халгаж бэрхшээсэн ч хальж шантралгүй бүгд л эцсий нь үздэг байх.

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг чинь ёстой үнэн юм билээ. Бид хоёрын урдхан яваа л гэж бодсон өнөөх үхэр тэрэгтэй аянчидтай буцаж явахтай нь тааралдав. Намаг балчигтай шигүү торлогоос гарч шилмүүст ойн зах руу ороод хориод минут алхтал Гүнжийн сүмийн эвдэрсэн туурь харагдлаа. Сүм эвдэрч сүйдсэн нь илт.


Гүнжийн сүм

Ийш зорин ирэх гэж буй бол өмнө нь юмуу, дараа нь Ц.Дамдинсүрэн гуайн 1961 онд хэвлүүлсэн "Гүнжийн сүм" хэмээх бэсрэг бүтээлийг заавал уншаарай. Интернэт орчин дахь ихэнх мэдээлэл энэ номноос л зээлдсэн байх нь түгээмэл. 1959 оны 6-р сард Ц.Дамдинсүрэн абугай түүхч Х.Пэрлээ гуайн хамт ГАЗ-69 машин хөлөглөн бүтэн өдөр явж байж Гүнжийн сүмд иржээ. Бас л балчиг намагны тухай онцлон дурдсан байдаг. Тухайн үед ийш хүрдэг зам ч гэж байгаагүй тул хоёр их эрдэмтэн маань мод бэлтгэж байсан хүмүүсийн туслалцааг авч байжээ.

Гүнжийн сүмийн домог маш гоё. Манжийн Энх-Амгалан хаан 1697 онд охиноо Түшээт хан Чихундоржийн ач хүү Дондовдоржид хатан болгож өгсөн нь энэхүү эзэнгүй сүмийн “эзэн”Хичээнгүй Амарлингуй гүнж юмсанж. Манжаар "Гинггүн Элхэ" гэсэн нэрийг монголоор хичээнгүй амарлингуй гэж нэрийдсэн нь монгол хэлээр эмэгтэй хүнийг тодотгож болох хамгийн гоё үгс болов уу гэж би замдаа бодож явлаа.

Дамдинсүрэн гуай Улаанбаатарт суудаг Долгор гэдэг эмэгтэйгээс нэгэн түүх сонсож авсныг уншвал өдгөө цахим орчин дахь Гүнжийн сүм гэсэн гарчигтай бичвэрүүдийн эх сурвалж хаанаас эхтэйг төдхөнөө илчлээд өгнө. Уг эмэгтэй Дамдинсүрэн гуайд ингэж ярьжээ: "Энх-Амгалан хаан долоон гүнжтэй байжээ. Түүний нэгийг манай Халхын нэг их эрд богтолсон. Бусад нь Өвөр-Монголын ноёдын хатан болсон. Манай Халхад ирсэн тэр гүнжийг Догшин гүнж гэж нэрлэж байжээ. Харгис догшин байсан учраас түүнийг тэгж нэрлэсэн хэрэг биш, харин ухаантай сэргэлэн сайн хүн байсан юм гэнэ билээ. Догшин гэсэн учир нь Манжийн хааны ордны дүрмийг гэртээ үл баримталж, гэрийн цаазыг их хатуу сахиж байснаас болсон гэдэг. Жишээ нь, өглөө эрт босч үдэш орой унтдаг. Хоол унд идэх, уух цаг мөч тогтмол байсан. Гүнж хатан үхэхдээ гэрээсэлсэн нь: "Миний хүүрийг хятад газар аваачих хэрэггүй. Би монгол хүний эхнэр тул монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол нутагт оршуулах хэрэгтэй" гэсэн ёсоор өөрийн нь заасан газар оршуулсан юм гэнэ билээ. Сүмчин отгийн хүмүүс гүнжийн булшийг их нандигнан сахисаар ирсэн юм. Улирал бүрд тахиж байдаг байлаа. Сүмчин отгийн нутагт гаднаас ирж нутагласан хүмүүс олширсоор байлаа. Тэд, сүмчин отгийн хүмүүсийг буг тайж булшинд мөргөдөг гэж шоолдог байсан. Тэд л 1930 оноос хойш Гүнжийн шарилыг сэвтүүллээ гэдэг сэжиг яриа байсан." [Ц.Дамдинсүрэн. Гүнжийн сүм. 1961 он. Улаанбаатар хот]

18 насандаа монгол ноёны хатан болсон Хичээнгүй амарлингуй гүнж 1735 онд 56 насандаа тэнгэрт хальжээ. Эцгийнхээ захиасыг сөрөн эр нөхөртөө үнэнч үлдсэн түүнийг манж туслахууд нь хороож алсан тухай бас нэг цахим хуудсанд бичжээ. Сүм 1930-аад оны сүүл хүртэл бүрэн бүтнээрээ байсан гэдэг. 1949 оны хавар Шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүд археологийн малтлага хийжээ. Гүнжийг давирхай, есөн давхар торгоор доторлосон, цагаан зандан авсанд оршуулсан бөгөөд булшийг тоносон хүмүүс авсанд тохой хэрийн дөрвөлжин нүх сүхээр цавчиж гаргаад авсан доторх хамаг юмы нь тонож, гүнжийн ясыг хүртэл гаргаж хаяад, үлдсэн хэрэггүй зүйлсийг нь авсан дотор нь гал түлж шатаажээ. Хамгийн сонирхолтой нь, булшийг тоносон хүмүүс гүнжийн шарил яг хаана байгааг яг таг мэдэж байсан бөгөөд археологийн судалгааныхан шиг энд тэндээс малтаж төөрөлдөөгүй гэнэ.












Буцах замд

270 шахам жилийн настай Гүнжийн сүм сүүлийн 80-аад жилд л нурж сүйджээ. 1959 онд Ц.Дамдинсүрэн гуайг очиход сүмийн ихэнх байгууламж балгас болоогүй ч бүрэн сүйдээгүй байсан бол өдгөө эвдэрхий хэрэм, гол сүм хоёроос бусад нь газрын хөрсөнд шингэсэнхарагдана.

Бид хоёр Гүнжийн сүмийг нар зөв тойроод буцах замдаа орлоо. Одоо бол буцах зам хялбар санагдав, шавар туулахдаа ч гаргууд болсон билээСүмийн ойр орчимд хаясан ганц хоёр усны савыг уутандаа хийгээд алхлаа. Ийм аглаг, ариун газарт ирчихээд анхааргагүйгээсээ болж усны саваа хаяна гэдэг маш буруу зүйл юм.

Бид борооноос урьтан буцаж ирээд удаагүй байтал хот руу нэг машин явахаар боллоо. Машинд суухынхаа өмнө бид "Гүнж биднийг ивээлээ шүү" гэж нэг нэгэндээ баярлангуй хэлээд үүргэвчээ баглав.

Гэхдээ зам зуур нэг л гунигтай байв. Уг нь энд дахиад нэг хоносон бол гэсэн харамсал төрөх шиг. "Хэрмий нь нурааж, ханан дээр нь эрээчсэн ч Гүнжийн сүм амарлингуй хэвээр л байх юмТэгэхээр буй биеэ бусдын төлөө зольж чадсан түүний тухай домог үнэхээр л үнэн юм байна."

Жич: Энэ аялал чамгүйгээр ямар ч утга учиргүй байх байсан. Ядарсан ч урагш алхаад л байсан, урвайж ер гомдоллоогүй, урагш алхаад л байсан учраас чи бол миний, бас энэ аяллын жинхэнэ “Хичээнгүй амарлингуй гүнж” билээ.

Гүнжийн сүмийн аяллыг 2016 оны 7-р сарын 7-9-ний өдрүүдэд хийв.